My Angi urgelj nice NicE

ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)



...Алдаж онодог замбуулин дээр, ээ хөөрхий

Ахиад олдохгүй ганцхан заяа л байж дээ хө... (Дуунаас)

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Сөүл- Улаанбаатарын  OM302  дугаар аялалын онгоц газардахад ажил албаар байнга ирж очиж байдаг хүмүүс тэгж л байдаг юм гэсэн шиг хэнэггүйхэн явахад, тэр жил Солонгост хараар ажиллахаар гараад энэ удаагын нислэгээр цаг бусаар буцаж ирж буй Төмөр хэмээх ид дунд насны  эр замдаа бас ч гэж чамгүй балгасан бололтой, бага зэрэг гуйвлан алхахдаа өчнөөн олон жил сэтгэл зүрхээрээ мөрөөдөж шөнөд нь зүүдэлж, өдөрт нь ажлаа хийж байхад ч нүдэнд харагдаад байдаг хүслэн болсон эх орондоо, төрлөх Улаанбаатартаа ирж байгаа ч сэтгэл нь нэг л гундуу байлаа.

Төмөр одоо бол ер нь л орь ганцаараа гэж хэлэхэд хилсдэхгүй нэгэн бөгөөд цэл залуу явахдаа нэгэн бүсгүйд сайн болж хоёр биендээ сэтгэл алдарч явсан ч нэгэн жаахан үл ойлголцлоос болон хоёр биендээ тунирхаж явсаар нэг л мэдэхэд хорвоогын хорлонтой эргүүлгэнд хоёр тийшээ алслан шидэгдэж эргэж учирахгүйгээр төөрч одсоноос хойш нэг удаа хүнтэй гэрэлсэн ч таарч тохирсонгүй, удалгүй салсанаас хойш дахиж гэрлэж бараалж байсангүй, хоёр хөгшин нь бүр багад нь хорвоогын мөнх бусыг үзүүлсэн, төрсөн ганц ах нь Төмөрөөс өмнө  дөнгөж ардчилал яригдаж эхэлж байсан тэр л үед гадагшаа гаран тэндээ гэрлэж харийн нутгийн хүргэн болсон болохоор арваад жилийн өмнө Сөүлд ирсэнээсээ хойш бараг л холбоо тасарсан гэж болох ганц нагац эгчийгээ л тооцохгүй бол үнэндээ монголд очих газаргүй хүн байлаа. Ганц бодол нь бол ямар нэгэн аргаар төрсөн ганц ахтайгаа холбоо барьж алсын хөгшин европ руу л ямар нэгэн аргаар гарах санаатай байлаа. Ядаж байхад энэ арав гаран жилд найз нөхөдтэйгээ ч холбоо тасарчээ. Төмөр онгоцонд суудал зэрэгцэж таарсан хорин хоёр, гурав орчим насны өөрийгөө Төөмөө гэж танилцуулсан оюутан залуутай элдвийг хөөрч явахдаа, анх харсан мөчөөсөө л эхлэн нэг л үзсэн царай санагдан “Хаана үзсэн царай байж таарах вэ? Яахын аргагүй л танил царай байх юм” хэмээн дотроо бодон тэнд, энд тааралдсан байж магадгүй гэсэн газрууд, тохиолдлуудаа тоочиж асуугаад ч урьд өмнө ер уулзалдаж яваагүй болох нь залуугын ярианаас ч илт болоход “Үгүй мөн, сонин юм даа. Яахын аргагүй л маш их танил дотно царай байх юм даа” гэж гайхширч явсан ч, цаг бусаар өөрийн эрхээр биш, өрөөлийн эрхээр нутаг буцаж яваадаа сэтгэл бага биш дундуур байсных сэтгэлээ засах нэрээр чамгүй балгасаар нэг л мэдэхэд гялтайж, хэрэвзээ онгоцны давчуухан, хэмжээтэй суудалд биш өөр хаа нэгтэй байсансан бол дөрвөн мөчөө тал тал тийш шидэн, өөрийн эрхгүй таван хошуу болон хувирах байсан ч, олон жил хүний нутагт хавчигдмал байдалд ажиллаж амьдарч сурсан тэр л зангаараа өөрт оногдсон хэмжээтэй дөрвөлжингийнхөө байж л болох хамгийн тохилог буюу суудлаа эцэст нь тултал налуулаад, (тэр нь ч хэдийхэн налах билээ дээ) хоёр гараа энгэртээ зөрүүлэн, өөрөөсөө өөр хэнд ч гай болохгүйгээр биеэ хураан хурхирч билээ. Сарын газрыг өдрөөр товчлогч онгоц гээч юм хэдий л удаа аж, нэг л мэдэхэд онгоц бууж Төөмөө, Төмөр хоёр зэрэгцэж явсаар угтан авагчдын хүлээлгийн танхимд орж ирэхэд Төөмөө:

-Төмөр ахаа, таныг хүн тосч байгаа юу? Хэрэв тосоогүй бол намайг ээж маань тосч байгаа, та биднээр хүргүүлчихгүй юу гэж асуухад Төмөр үнэндээ хаашаа, хэнийд ч очихоо мэдэхгүй байсан болохоор нэрэлхсэндээ:

-Найз нар маань тосч байгаа, баярлалаа гэж хэлэх үед Төөмөө:

-Өө, ээж маань энэ  байна, та танилцаач Энхриймаа, энэ хүнийг Төмөр гэдэг юм, хүүгийнх нь аян замын танил гэх дуунаар Төмөр ээжийг нь сая л анзаарч харсанаа “Өө энэ чинь эрэгтэй л болохоос биш байгаагаараа  Ээнээ яг тэр чигээрээ байна шүү дээ” хэмээн дотроо уулга алдан, өөрийн эрхгүй амаа ангайн гөлрөн зогсохуйд Төөмөөгийн ээж аль түрүүнээс хойш Төмөрийг ажиглан харж байсан бололтой, мөн л нам ширтэн зогссон байлаа. Хоромхон зуур харц тулгаран хоёр биенээ ширтэлцсэнээ сая ухаан орох мэт мэнд мэдэлцэн гар барилцаад арын хүмүүст зам тавьж өгөн хажуу тийш болох тэрхэн агшинд Төмөр амжин:

-Тэгэхэд намайг уучлаарай!  гэж өчнөөн жил зөвхөн өөртөө, сэтгэлдээ хэзээ нэгэн цагт заавал хэлнэ дээ гэж бодож явсан гуравхан үгийг хэлэхэд: Энхриймаа ч:

-Үгүй ээ, харин чи намайг уучлаарай хэмээхүйд ганц ширхэг доголон нулимс хацрыг нь даган урсахыг Төмөрөөс өөр хэн ч анзаарсангүй ээ.

 

*                      *                      *

 

-За дүү охин, ахынхаа цагийг бүртгэчихээрэй гэх насаараа бол хорь дөнгөж л шүргэж яваа болов уу гэмээр орчин үед ид мода болж байгаа, үнэ ханш нь  бүтэн сарын цалинг өлхөн нугалаад талийж өгөх гоёо, урд энгэртээ гүйдэг хөвүүр товч бүхий, томоо гэгчийн дөрвөлжин халаастай, мөрөвчтэй, “бананан” хэмээх дээгүүрээ хэлхийсэн хирнээ доошлох тусам нарийссан жинсэн өмд өмсөж, том захтай эрээн даавуун срочкан  цамц захыг нь босгож дэрвийлгэн, “Шанхай” кет хөлдөө жийж, хамелон хэмээх солонгорсон нарны саравчин шилээр гоёсон шавилхан биетэй залууг хэлэхэд, тэтгэвэртээ гарчихаад нэг насаараа улсдаа ажиллан зүгээр сууж сураагүй тэр л зангаараа үйлдвэрийнхээ дарга, удирдах ажилтнуудаас гуйж, гувшсаар байгаад эргэж үйлдвэртээ цаг бүртгэгч хийж байгаа Нансал хэмээх нүдэнд дулаахан намбалаг авгай насны эрхээр муудаад саяхнаас зүүх болсон, дадал болоогүй  ойрын харааныхаа шилэн дээгүүр давуулан харсанаа:

-Өө, Төмөр гуай юу... Төмөр, Төмөр... бэлтгэл цехийн  Төмөр гуай, арван долоо нойл нэг, залуу хүн гэсэндээ ганц минутанд ажлаа дуусгаад, ус цасандаа ороод гялалзуулж байх шив дээ... хэмээн егөөдөн, жуумганаж цагруу хялайн цагийг нь бүртгэхдээ хойшлуулан 17:15 гэж бичээд,  албархаг дуугаа өөрчлөн аминчхан байдлаар:

-Төмөр өө, миний дүү завтай бол эгчдээ нэг тус болооч. Энүүхэн замын хойд талын цэцэрлэгээс эмээгийн энгэрийн зүүлтийг аваад ирээч хө, анги нь “Янзага” бүлэг гээд оронгуут баруун гар талд чинь байгаа шүү, зээ хүүг маань Баатар гэдэг юм гэлээ. Төмөр:

-Нааяа эгчээ, танихгүй хаа хамаагүй хүнд өгөх юм болов уу даа? гэхэд Нансал гуай:

-Зүгээрээ, чи ажлынхаа пороомсог (пропуск- нэвтрэх үнэмлэх)-оо л үзүүлэхэд хоёр багш нь мэднэ гэснээр Төмөр дотроо цагаа  тооцоолсоор амжих л юм байна гэж бодон гадагшаа  гарлаа. Өнөөдөр орой долоогоос ангийнхаа хэдэн нөхөдтэй уулзахаас өөр онцын ажилгүй байсан болохоор аажуухан явсаар заасан ангид орон үнэмлэхээ үзүүлээд хүүг авбал огт бишүүрхсэнгүй тэгж л байдаг юм гэх шиг хээв нэг байх нь өөрийнх нь ажилладаг ээрмэлийн үйлдвэрийн залуус авсаар байгаад сурчихсан бололтой. Төмөр хүүгийн цэнхэр хормогчыг тайлан, гутлыг нь сольж байтал гэнэтхэн тахимруу нь нудраад авахад өвдөгөөрөө нахисхийн, санаандгүй байсан хүн чинь тэнцвэр алдан арагшаа хэн нэгэнд тээглэн дээгүүр нь даван годройтон унахад “Ээжээ!” хэмээн хэн нэгний уулга алдах, араас нь ёо ёо залгах, бас хүүхдийн часхийсэн уйлах дуу зэрэгцэх нь сонсогдов. Сандран босч юу болсоныг сэхээрвээс ард талд нь явган суугаад хүүхэд хувцаслаж байсан багш бүсгүйн хормой дээр санамсаргүй гишгэчихсэн байсныг нь мэдэхгүй гэнэт босохдоо хормойндоо татагдан унахдаа Төмөрийн тахимруу тохойлдож орхисоных Төмөр багш бүсгүйн дээгүүр даван унасан нь тэр байлаа. Хоёул ухасхийн боссоноо харц мөргөлдөхүйд Төмөр:

-Яанаа, уучлаарай! Та зүгээр биз? Гэхэд бүсгүй:

-Үгүй ээ, та намайг уучлаарай. Би л санаандгүй унахдаа таныг бас унагаж орхилоо хэмээн намуухан дуугаар хэлсэнээ:

-Ээ харлаа, та зүгээр биз?Наад шанхнаас чинь цус гарч байна, юу мөргөчихөв дөө… гэснээ хормогчныхоо халаасыг уудлан гоёмсог зурагтай алчуур гаргаж ирсэнээ:

- Аль вэ, нааш нь хэмээн шанхыг нь дарж, цусыг нь тогтоох гэхэд нь Төмөр өөрийн эрхгүй гарын аясыг нь дагуулан толгойгоо далжийлгахад:

-Хүүе, ямар бааштай эр вэ, нялх хүүхдээс ч долоон доор гээд зүүн гараараа, баруун шанхнаас нь барьж байж гоожсон цусыг нь уусгаж аваад шалбархайн цус нь тогтоход эргүүлээд халаасандаа хийх гэхэд нь Төмөр үг дуугүй алчуурыг нь гараас аван халаасалчихаад хүүг хөтлөн эргэлээ.

Нөгөө долоон цагт найз нартайгаа уулзах ч хаа байх вэ, бодолд нь саяын багш бүсгүй л эргэлдэн, шүлэг дуунд гардаг шиг дүрэлгэр, торомгор, давхраатай өөр юу юу ч гэдэг билээ дээ,  тийм гоё үлгэрийн юм шиг гоё биш хирнээ өөрт нь зохисон бага зэргийн бүлцгэрдүү ч гэмээр энгүүн нүдний дулаахан харц, “Ээ харлаа, та зүгээр биз?” хэмээн настай хүн шиг, яг л өөд бологч муу ээж шиг нь энхрийлсэн гэмээр дуу алдалт, “Хүүе, ямар бааштай эр вэ, нялх хүүхдээс ч долоон доор…” хэмээн, яг л ээж шиг нь аяглан баруун шанхнаас нь тулж барьсан турь муутай гарны зөөлхөн хирнээ энхрийхэн, нэг л тийм гээд хэлчихэж чадахгүй анхилуун үнэр гээд ер санаанаас нь гарч өгсөнгүй.  Хариад хоол цайгаа идэж уучихаад  нөгөө алчуурыг угаахаар  гаргаж ирвэл нууранд хөвөх хос хунгийн зураг байх агаад, тийм гэхийн аргагүй нэг л сайхан үнэр үнэртэх ажээ. Хүйтэн усаар сайтар нямбайлан угаан, толийтол нь индүүдэн өөрийнхөө өөрөөсөө ч харамлаад тэр болгон хэрэглээд байдаггүй, хаа нэг гадагшаа гарахдаа гангараандаа түрхдэг “Шипр” хэмээх одеклон уснаас харамгүй шингээсэн ч нөгөө нэг тийм гэхийн аргагүй нэг л сайхан үнэрийг нь гүйцэхгүй санагдсан ч, эргээд уулзах шалтаг, эрхийн үнэмлэх нь энэ бяцхан алчуурын учир сэтгэл ханамжтай байлаа.

Тэр өдрөөс хойш Нааяа эгчийг эргүүлдэн, хэд хэдэн удаа зээ хүүг нь авахаар цэцэрлэгт очиж багш бүсгүйтэй уулзсан боловч нэг л дотносох аргаа олсонгүй. Төмөр өөрийгөө тийм ч унж дорой нэгэн гэж боддоггүй, тэр нь ч ерөнхийдөө үнэн. Ажилтай бол ажилтай төрөлтэй, ажилд үнэн сэтгэлээрээ ханддаг, гялалзуур, ямарваа нэгэн хүн амьтантай хэл амаа ололцохдоо ч муугүй, тэр дундаа охид бүсгүйчүүдийг өөртөө соронзон адил татах алиа марзан, хөгжилтэй, эелдэг зантай, ер нь л хүний аргыг нь олж сурсан нэгэн боловч яагаад ч юм бэ, Энхриймаа гэгдэх тэр багш бүсгүйн дэргэд очихоороо л нэг л биш болчихоод байх ажээ.

Тэгж байтал нэг өдөр Ажилчдын соёлын ордонд, районы үйлдвэрүүдийн тэргүүний ажилчин залуучуудын туршлага солилцох уулзалт болж, дараа нь нийтийн цэнгээнт бүжиг болсоноор сая л Энхриймаатай дотносон танилцах боломж олдож билээ. Төмөр ерөөсөө багаасаа гитар хөгжим орцонд хангинуулж, томчуулд загнуулж өссөн бөгөөд хирэндээ эвлэгхэн дуулчихдаг, найз нөхөдтэйгээ боломж олдвол энд, тэндэхийн албан газруудын үдэшлэгт давхиж очоод сэнсэртэл нь вальс эргэчихдэг, заавал сурах арван цэнгээнт бүжгийг ч боломжын хийгээд сурчихсан байсан нь тэгэхэд аминд нь орсон юм. Үдэшлэг эхлээд аль хэдийн хагас цаг өнгөрсөн ч хий л бүжгийн аянууд яваад байна уу гэхээс биш, шууд гараад салхийг нь хагалаад явчих хүн байсангүй. Ядаж байхад нэг үйлдвэрээс сайндаа л хоёр гурван хүн гээд газар, газраас ирсэн дан таньж мэдэхгүй залуучууд битгий хэл, нэг үйлдвэрийнхэн ч байсан яг л тэгдэг юм чинь, бүгд л биеэ барин нэг гарчих гээд л, эргэж буцаад л байлаа. Энэ үед Төмөр үйлдвэрийнхээ нийлж дарвидаг хэдийг байхгүйд сэтгэл нэг л гонсгор, “Хэрвээ тэд байсан бол ч нийлж байгаад гарч хүмүүсийг халааж өгөхгүй юу” хэмээн харамсан бодовч, “Үгүй ер нь, яадаг юм бэ, одоо вальс л явбал дүүрсэн хэрэг, очиж чамайг урина даа” гэж зоригловч цаг нь болоход нэг л зүрх нь хүрэхгүй, хулгай нүдээр Энхриймааг хариулсаар л байлаа. Тэгсээр энд, тэндээс хоёр гурваараа залуус нийлэн зориг муутайхан ганц нэг манго татан байснаа яваандаа биес нь тавирч, овоо халаад ирсэн үед мань Төмөр сэм сэмээр ойртож, бараг дэргэд нь оччихсон байснаа зориглон Энхриймааг анх урих үед аль хэдийнээ “Сүүлчийн гурван бүжиг!” хэмээн зарлаж байж билээ. Ямартай ч сүүлчийн, сүүлчийн гэсээр дахиад дөрөв, таван ч бүжиг залуусын хүсэлтээр сунгаж бүжиглэхэд Төмөр, Энхриймаагаас холдсонгүй хамт бүжиглэсээр тэр оройг үдэж билээ.

Тэр явдлаас хойш хагас жил өнгөрчээ. Энхриймаа, Төмөр хоёр өдөр ирэх тусам улам л дотносож байлаа. Орой ажил тараад л Төмөр цэцэрлэгрүү харваж хүрнэ. Анхандаа Нааяа эгчийн зээ хүүг авах гээд ирдэг байсан бол сүүлийн үед элдэв арга саам хийн бултаж бухах болсон бөгөөд цаг бүртгэгч авгай ч өөрөө залуу халуун яваагүй биш, Төмөрийн насыг дайраад гараад ирсэн хүнийхээ хувьд цаад учрыг нь гадарлах болсон болохоор тэр бүрий Төмөрийг гуйгаад байхгүй болсон бөлгөө. Ганц нэг хүүхэд хувцасласан шиг худлаа, үнэн яриа дэлгэн суух нь элбэг бөгөөд хүүхдүүд эртхэн дууссан тохиолдолд аль нэг театр, ихэнхдээ газрын ойроор “Хөдөлмөр” кино театр орж шинэхэн кино үзэх, аль эсвэл тэнгэр сайхан байвал хоёр, гурван буудал ч хамаагүй зам даган элдвийг хүүрнэн алхах бөгөөд заримдаа арван есийн үйлчилгээний төвийн дундах усан оргилуурын дэргэдэх хэдэн сандлын нэг дээр ч юм уу, аль эсвэл хойшоо зам гаран голын далан дээр, эсвэл голын ширгэн дээр тухлан сууж, голын урсгал  ширтэн юу ч ярихгүйгээр хоёр биесээ налан суух ч удаа бий. Ингэж хоёр гурван цагаар юу ч ярихгүй зөвхөн хоёр биенийхээ зүрхний цохилтыг олж сонсох гэсэн мэт өөр, өөрсдийн бодолдоо автан суучихаад, гэнэт орой болсоныг ухааран сүүлчийн автобусанд амжиж суухаар уралдан гүйсээр амжиж автобусанд сууж аваад хамгийн арын цонхон дээр арагшаа харан зогсцгоож, түрүүнд хэн нэгэн этгээд “Юу ч дуугарч болохгүй шүү” гээд амыг нь үдчихсэн мэт байснаа түрүүнд ярих ёстой зүйлээ амжуулж, гүйцээх шиг  юу ч хамаагүй санаандаа орсон болгоныг амныхаа зоргоор хөөрөлдөж явсаар гэрийнх нь гадаа хүргээд жаал үнсэлцэж зогсоод, аав ээжээс нь нэг л сүрдэхийн учир тэгсхийгээд буцах замдаа шуударч, зам дагаж гүйсээр шөнийн тэн болгож гэрийн бараа харах нь олонтой. Уг нь ч Энхриймаа Төмөрийг аав, ээжтэйгээ танилцуулъя гэж хэд, хэдэн удаа хэлж, ятгасан ч мань эр нэг л зүрх нь алдан сүрдэж, “Юу юу ч болоогүй байж, яараад яах вэ, жаахан байзнъя” гэж цааргалсаар байгаа билээ. Уг нь ч Төмөр энэ “Юу юу ч болоогүй байж…” гэдэг дөрөвхөн үгээр “Чи намайг өөртөө ойртуулахгүй л байгаа шүү дээ” л гэж хэлээд байгаа хэрэг л дээ.

                                                                                                                                                                                                    Бичсэн: З.Индранил

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 36 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)
Нэгэн хайр (өгүүллэг)
4 мөрт гоё шүү уншаад үзээрэй
Dajgui goy shuleg oruullaa unshaad uzeerei
Жим /Өгvvллэг/
neg tiimerhuu shuleg unshaarai
hairiin shuleg urgeljlel
hairiin shuleguud
Hairiin 4 murt shuleg
Улаан сарнай /өгүүллэг/
Onigoo
Ямар охид хайр дурлалд азтай байдаг бол
Шинэхэн хосуудыг бат бөх байлгах 10 нууц
Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

Найзууд

Гоо сайхан ертөнцийг аварна



:-)
 
xaax